
Өнгөрсөн амралтын өдрүүдээр Нийслэлийн Боловсролын газрын ажлын хэсэг "Сэлбэ ухаалаг хот" төслийн талбайд ажиллаж, тус бүсэд Олон улсын (Кембрижийн) хөтөлбөртэй Ерөнхий боловсролын сургууль (ЕБС) байгуулах бэлтгэл ажлыг албан ёсоор эхлүүллээ.
Олон улсын сургалтын шинэ жишиг
Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотын хэмжээнд олон улсын хөтөлбөр дагнан хэрэгжүүлдэг төрийн өмчийн 3 сургууль үйл ажиллагаа явуулж байна. Энэхүү жишгээр "Сэлбэ ухаалаг хот"-ын 2.2 га талбайд 1260 хүүхдийн суудалтай олон улсын хөтөлбөртэй сургууль сүндэрлэх юм. Тус сургууль нь барилга архитектурын хийцлэл, сургалтын орчин үеийн тоноглол болон сургалтын хөтөлбөрөөрөө улсын хэмжээнд жишиг болох зорилго тавин ажиллаж байна.
Боловсролын дэд бүтцийн бүтээн байгуулалт ба ирээдүйн төлөвлөлт
"Сэлбэ ухаалаг хот" төслийн хүрээнд иргэдийн ажиллаж, амьдрах тав тухтай орчныг бүрдүүлэхээс гадна хүүхэд, залууст чанартай боловсрол эзэмших боломжийг гэрээсээ алхах зайд шийдвэрлэхийг чухалчилж байна.
Нийслэлийн хөрөнгө оруулалттай 960 хүүхдийн сургууль: Барилга угсралтын ажил төслийн талбай дээр яг одоо үргэлжилж байна.
Ирээдүйн сургуулийн сүлжээ: Шинээр баригдах олон улсын хөтөлбөртэй сургууль болон яг одоо баригдаж буй 960 хүүхдийн сургуулиас гадна Нийслэлийн хөрөнгө оруулалтаар дахин нэг сургууль баригдахаар төлөвлөгдсөн. Ингэснээр "Сэлбэ ухаалаг хот" нь төрийн өмчийн нийт 5 ЕБС-тай болно.



