
Нийслэлийн гэр хорооллыг дахин төлөвлөх хүрээнд хэрэгжүүлж буй "Сэлбэ ухаалаг хот" төсөл нь Монголын барилгын салбарын сүүлийн 30 жилийн түүхэнд өрнөөгүй том хэмжээний бүтээн байгуулалт юм. 158 га талбайг хамарсан уг төсөл нь Улаанбаатар хотын III, IV хорооллыг VI бичил хороололтой нийлүүлсэнтэй дүйцэхүйц газар нутаг, оршин суугчтай бие даасан шинэ дэд хотыг бүтээж буйгаараа онцлогтой.
Өнөөдрийн байдлаар төслийн нийт гүйцэтгэл 39 хувьд хүрээд байна. Төлөвлөгдсөн 113 блок барилгаас 100 блокийн ажил нэгэн зэрэг эрчимтэй өрнөж байгаа бөгөөд талбайд 1456 хүн, 89 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж байна.
Энэхүү үндэсний хэмжээний бүтээн байгуулалтад үндэсний 4 бүтээн байгуулагч, гадаадын хоёр ААН ерөнхий гүйцэтгэгчээр шалгаран, ФИДИК гэрээний дагуу бүтээн байгуулалт хийж байна. Түүнчлэн Сэлбэ ухаалаг хотыг бий болгох энэ төсөлд өнөөг хүртэл 253 ААН, хуулийн этгээд оролцож буй юм.
Үндсэн барилга угсралт дуусаж, дотор ажлууд идэвхжлээ
Барилга угсралтын ажил батлагдсан графикийн дагуу чанарын өндөр түвшинд үргэлжилж байна. Дийлэнх блокуудын давхрын цутгалт дуусаж, барилгууд дотор засал, сантехник, өрлөгийн шат руу шаталсан байдлаар шилжээд байна.
Тодруулбал:

БАГЦ 1: Нийт 20 блок барилгаас 17-гийнх нь барилга угсралт дуусаж босоо шугам, буцаан дүүргэлт, дотор өрлөг, фасадны ажил хийгдэж байна. Нэг блок барилга 8-р давхрын цутгалттай, 2 барилга суурийн ажилтай байна.

БАГЦ 2: Нийт 26 блок барилгын угсралт бүрэн дуусаж, гадна болон дотор шугам сүлжээ, дотор өрлөгийн ажил хийгдэж байна.

БАГЦ 3.2 ("Морин сувд" ХХК): Нийт 12 блокоос 10 барилгын угсралтыг бүрэн дуусгаад дотор өрлөг, салхивч, шугам хоолойн ажлаа хийж байна. Үлдсэн 2 блокийн нэг нь 4-р давхрын, нөгөө нь суурийн цутгалтаа авч байна.
БАГЦ 3.3 ("Нутгийн буян групп" ХХК): Нийт 14 блокийн 10-ынх нь барилга угсралт дуусаж дотор өрлөг, шугам хоолой, салхивч, фасадны ажлаа хийж байна. 6 болон 9-р давхрын цутгалтаа авч байгаа 2 блок барилга байгаа бол газар чөлөөлөлттэй холбоотойгоор 2 блокийн ажил эхлээгүй байгаа юм.

БАГЦ 4.1 ("Монкон групп" ХХК): Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэр дэх 11 блок барилгын угсралт бүрэн дуусаж дээвэр, цонх, фасад, өрлөг, сантехник болон эргэн булалтын ажил үргэлжилж байна. Чингэлтэй дүүрэг дэх 5 блок барилга нь 5–6-р давхрын цутгалтаа авч байна.
БАГЦ 4.2 ("Профессионалстрой" ХХК): Нийт 14 блок барилгаас 12-ынх нь төмөр бетон бүтээцийн ажил хийгдэж байна. Газар чөлөөлөлтөөс шалтгаалан 2 блокийн ажил эхлээгүй байна.
Сэлбэ ухаалаг хотын барилгууд энэ намар халаалтаа авна

"Сэлбэ ухаалаг хот" төслийн хүрээнд барилгуудын гадна архитектурт дөрвөн улирлын өнгө аясыг шингээсэн фасадны орчин үеийн шийдлийг сонгон угсарч байна. Бүх багцууд энэ намар фасад, хаалга, цонхоо угсарсанаар халаалтаа авах төлөвлөгөөтэй байна. Ингэснээр дотор заслын ажил үргэлжлэх боломж бүрдэх юм.
Түүнчлэн барилгын чанар, урт хугацааны насжилт, аюулгүй байдлыг хангах хөрсний ус зайлуулах (дренажийн) иж бүрэн систем болон гадна инженерийн дэд бүтцийн туршилт, тохируулгын ажлууд иж бүрнээрээ хийгдэж байна.



