МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ: СЭЛБЭ ХОТ НЬ ГЭР ХОРООЛЛЫГ ОРОН СУУЦЖУУЛАХ ҮНДЭСНИЙ ЗАГВАР ТӨСӨЛ ЮМ
Нийтэлсэн:

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Б.Пүрэвдагва болон холбогдох албаныхан өчигдөр (2026.07.28) Сэлбэ дэд төвийн бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцаж, уг төслийг дэлхийн жишигт нийцсэн ухаалаг хот болгон хөгжүүлэх чиглэл өглөө.
Чингэлтэй дүүргийн 14, 18, Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 158 га талбайд нэгдсэн төлөвлөлтөөр, иж бүрэн шийдлээр бүтээн байгуулж буй энэхүү төсөл нь сүүлийн 30 гаруй жилд хийгдээгүй үндэсний хэмжээний томоохон бүтээн байгуулалт бөгөөд цаашид нийслэлийн бусад дэд төв, орон нутагт хуулбарлан хэрэгжүүлэх суурь загвар болох юм.
Бүтээн байгуулалтын явц 36.7 хувьтай үргэлжилж байна

Өнөөдрийн байдлаар төслийн газар чөлөөлөлт 96 хувьд хүрээд байна. Долоон багц ажлын хүрээнд 4 үндэсний аж ахуйн нэгж болон 3 гадаадын аж ахуй нэгж ерөнхий гүйцэтгэгчээр ажиллаж байгаа бөгөөд барилгын талбайд өдөрт дунджаар 1700 орчим инженер, техникийн ажилтан, 70-80 машин механизм ажиллаж байна. Мөн бараа, материал нийлүүлэгчдийн 70-80 хувийг үндэсний үйлдвэрлэгчид бүрдүүлж байгаа ба зарим блокийн 9 болон 12 давхрын угсралт дуусаж, цонхоо суурилуулж эхэлжээ.
Сэлбэ дэд төв нь иргэн бүр өдөр тутмын хэрэгцээт үлчилгээгээ 20 минутын дотор авах боломжтой төлөвлөгдсөн бөгөөд дараах иж бүрэн бүтээн байгуулалтууд хийгдэнэ. Үүнд:
Орон сууцны бүс: 113 блок, 8575 айлын орон сууц (2027 онд бүрэн ашиглалтад орно)
Олон нийтийн бүс: 651,092 м² талбай бүхий худалдаа үйлчилгээ, оффис, 2138 айлын орон сууц (2028-2030 онд ашиглалтад орно)
Боловсролын салбар: 5780 суудалтай 5 сургууль, 1520 суудалтай 8 цэцэрлэг
Нийгмийн дэд бүтэц: 4 өрхийн эмнэлэг, хороо, цагдаагийн байр, соёл болон спортын цогцолбор, гал унтраах анги зэрэг нийгмийн үйлчилгээний 20 байгууламж
Ногоон ба дэд бүтэц: 58.11 га талбай бүхий ногоон байгууламж, 31.2км урт дугуйн болон явган хүний замын сүлжээ
Оршин суугчдын тав тух, аюулгүй байдлыг хангах зорилгоор барилгын цэвэр усны дотоод сүлжээг зэс хоолойгоор бүрэн шийдэж, дулаан алдагдлыг бууруулах 3 давхар шилэн цонх, бат бөх метал фасад зэргийг сонгон, бараа материалын чанарт хяналт тавин ажиллаж байна.
Нийгмийн төсөл, иргэнд ээлтэй үнийн бодлого

"Сэлбэ 20 минутын хот" нь ашиг хөөсөн бизнес биш, гэр хорооллыг орон сууцжуулах нийгмийн төсөл учраас иргэнд ээлтэй үнийн бодлого баримтлах ёстойг энэ үеэр Ерөнхий сайд санууллаа.Төлөвлөлтийн дагуу бүтээн байгуулалтыг чанартай гүйцэтгэж, хүн амьдрах таатай орчныг бүрдүүлэхийн төлөө хичээн ажиллахыг мөн үүрэг болгов.
Ерөнхий сайдын өгсөн чиглэл, үүрэг даалгавар
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал төслийн бүтээн байгуулалттай танилцах үеэрээ ирээдүйн хотыг зорилтот бүлэгтээ хүрсэн, хүртээмжтэй байлгах чиглэлээр холбогдох яам, Нийслэлийн Засаг дарга болон “Сэлбэ хорин минутын хот корпораци” ХХК-д дараах даалгаврыг өглөө:
Орон сууцны мкв-ийн үнийг бууруулах: Нийслэлээс орон сууцны үнийг бууруулах шийдлээ Засгийн газрын хуралдаанд танилцуулах.
Борлуулалтын олон төрөлт схем боловсруулах: Ипотек, түрээслээд өмчлөх, хамтын өмчлөлийн хэлбэрийг тусгаж, санхүүжилтийн олон төрөлт эх үүсвэрийг ашиглах, мөн төрийн албан хаагчдыг хөнгөлөлттэй нөхцөлөөр орон сууцжуулах.
Инновацын "Сэндбокс" орчин бүрдүүлэх: 2024 онд батлагдсан Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийн хүрээнд смарт ситигийн технологи, инновацыг саадгүй турших сэндбокс орчныг бүрдүүлэх.
Эдийн засгийн тусгай бүс ба бизнесийн төвлөрөл: Төслийг эдийн засгийн тусгай бүс болгож, хувийн хэвшлийн оролцоог дэмжих, мөн үндэсний хэмжээний томоохон групп компани болон төрийн аж ахуйн нэгжүүдийн төв оффисыг Сэлбэ дэд төвд байршуулах.
Нийгэм, эдийн засгийн ач холбогдол

Нийслэлийн Засаг дарга Б.Пүрэвдагва "Энэхүү загвар төсөл нь цаашид гэр хорооллыг орон сууцжуулахад жишиг болно. Энд иргэдийн өдөр тутмын хэрэгцээт бүх үйлчилгээг цогцоор нь шийднэ. Эдийн засгийн тусгай бүс байгуулснаар бизнес эрхлэгчид татварын болон татварын бус хөнгөлөлт эдэлж, үйл ажиллагаа явуулахад таатай орчин бүрдэнэ" хэмээн онцоллоо.
Энэ төсөл бүрэн хэрэгжүүлснээр:
Монгол Улсын ДНБ-д 2.5 их наяд төгрөгийн нэмэлт өгөөж бий болно.
10,833 өрх буюу 45,000 иргэн орчин үеийн орон сууцаар хангагдаж, нийслэлийн орон сууцны жилийн эрэлтийн 42 хувийг бүрдүүлнэ.
16,000 орчим түр болон байнгын ажлын байр шинээр бий болно.
15,600 яндан болон 12,000 нүхэн жорлонг устгаж, нүүрсний хэрэглээг жилд 7,500 тонноор бууруулж, агаар болон хөрсний бохирдол зургаан хувиар буурах аж.




