"Нутгийн буян групп" ХХК-ийн ХАБЭАБО-ны баг зургадугаар сарын шилдгээр шалгарлаа
Нийтэлсэн:

Сэлбэ дэд төв орон сууцжуулах төслийн хэмжээнд сар бүр зохион байгуулдаг аюулгүй ажиллагааны төлөвшлийн үнэлгээний дүнг танилцуулах хурал болж, 2026 оны 6 дугаар сарын шилдэг гүйцэтгэгчээр Багц 3.3 “Нутгийн буян групп” ХХК-ийн ХАБЭАБО-ны баг шалгарч, шилжин явах цомыг гардан авлаа.

Энэхүү аюулгүй ажиллагааны төлөвшлийн үнэлгээ нь Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль болон холбогдох барилгын салбарын нормативад нийцүүлэн, төслийн талбай дээрх эрсдэлийг бууруулах зорилгоор 9 бүлэг, 23 заалтын дагуу сар бүр бүх гүйцэтгэгч байгууллагуудыг дүгнэж, шилдгийг нь шалгаруулдаг урамшууллын тогтолцоо юм.

Өндрийн эрсдэлтэй ажилд тавих хяналтыг эрчимжүүлнэ
Уулзалтын үеэр сарын үнэлгээний дүнг танилцуулахаас гадна барилгын гадна фасадны ажилд өргөн хэрэглэгддэг, өндрийн эрсдэлтэй төхөөрөмж болох дүүжинт өргүүр (люлька)-ийн аюулгүй байдлын талаар тусгайлан хэлэлцэв.

Уг хэлэлцүүлгээр "Орон сууцны барилгын дулаалга, гадна фасадад тавигдах шаардлага" (UCS 1501B:2025) техникийн зохицуулалтын дагуу:
Дүүжинт өргүүрийн ашиглалт, техникийн бэлэн байдалд тавигдах шаардлага,
Өгсөх, буух механизмын ажиллагаанд хориглох ба анхаарах зүйлс,
Өдөр тутмын ажил эхлэхийн өмнөх хяналтын хуудсыг (checklist) тогтмол ашиглах журмыг хэрэгжүүлэх талаар төслийн ерөнхий болон туслан гүйцэтгэгч компаниудын ХАБЭАБО-ны удирдлага, инженерүүдэд зааварчилгаа өгч, санал солилцсон байна.
2.2 сая гаруй хүн/цаг аюул осолгүй ажиллаад байна

"Сэлбэ дэд төв орон сууцжуулах төсөл"-ийн бүтээн байгуулалтын талбайд ХАБЭАБО-ны зааварчилгаа, стандартыг чанд мөрдөн ажилласны үр дүнд төслийн хэмжээнд 2,265,986 хүн/цаг аюул осол, сааталгүйгээр бүтээн байгуулалтын ажлыг үргэлжлүүлж байна.



