
Нийслэлд хэрэгжиж буй хамгийн том бүтээн байгуулалтын нэг "Сэлбэ 20 минутын хот" төслийн орон сууцны барилгууд эхнээсээ цонхоо угсарч эхэллээ. Орон сууцны барилгууд 2027 онд ашиглалтад орох бөгөөд барилгын карказ, өрлөг болон гадна фасадын ажлууд хуваарийн дагуу энэ онд хийгдэж байгаа юм. Ийнхүү цонх суурилуулалтын ажил эхэлснээр барилгын дотор засал болон инженерийн шугам сүлжээний ажлуудыг дараагийн шатанд түргэн шуурхай явуулах бэлтгэл хангагдаж байна.

Хүн хүч, техник төхөөрөмжийн нэгдсэн төвлөрөл
2026 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн байдлаар төслийн талбайн барилга угсралт, цонх суурилуулалт, инженерийн шугам сүлжээ, газар шороо болон буцаан дүүргэлтийн ажлууд идэвхтэй үргэлжилж байна.
Нийт ажиллах хүч: 1785 инженер, техникийн ажилтан болон ажилчид
Машин механизм: 85 нэгж тусгай зориулалтын машин механизм, техник хэрэгсэл
Төслийн нэгжээс 14 хоногт нэг удаа хяналтын хурлуудыг зохион байгуулж, гарсан шийдвэрүүдийг нэгж хэлтэс бүр мөрдлөг болгон ажиллаж байна:
Чанарын хяналт (QA/QC): Шинээр эхэлж буй цонх суурилуулалтын ажилд шаардагдах бараа материалын баталгаажуулалт (MIR), угсралтын аргачлал (Method Statement) болон герметик, дулаалгын стандартыг чанд хянаж байна.
ХАБЭА (HSE): Барилгын талбайн аюулгүй ажиллагаа, өндөрт ажиллах зөвшөөрөл, цонх болон гадна фасадын угсралтын үеийн аюулгүй ажиллагааг өдөр тутам ажилбар бүрээр эрсдэлийн үнэлгээ хийн хянаж байна.
Барилга угсралт, инженерийн дэд бүтэц: Бетон цутгалт, өрлөг, цонх суурилуулалт болон дулаан, цахилгаан, сантехникийн шугам сүлжээний ажлыг баталгаат графикийн дагуу ужиглан зохион байгуулж байна.




