
МЯГМАРЖАВЫН АЛТАНХУНДАГА
(1987 - 2026)
Монгол Улсын Соёлын тэргүүний ажилтан, авьяаслаг уран бүтээлч, сурган хүмүүжүүлэгч, бидний журмын нөхөр Мягмаржавын Алтанхундага зуурдаар таалал төгсөж, гэр бүл, төрөл төрөгсөд, хамт олонд маань хүнд гарз тохиолоо.
М.Алтанхундага нь 1987 онд Завхан аймгийн Тосонцэнгэл суманд төрж, 2005 онд Эрдэнэт хотын “Баян-Өндөр цогцолбор” ахлах сургууль, 2009 онд “Од” дүрслэх урлаг, дизайны мэргэшсэн дээд сургуулийг дизайнер мэргэжлээр дүүргэсэн.
Бидний журмын нөхөр маань дүрслэх урлаг, дизайн, тайз дэлгэц, дуу хөгжим, мэдээллийн технологийн салбарт тал бүрийн авьяас чадвараа гайхуулсан ховорхон онцгой уран бүтээлч байлаа.
М.Алтанхундага нь 2007 оноос Эрдэнэт хотноо “Нүүдэл продакшн”-ийг үүсгэн байгуулж, урлагаар дамжуулан 3000 гаруй хүүхэд залуучуудын авьяас чадварыг нээн хөгжүүлж, соёл урлагийн сургуулиудад бэлтгэн оруулсан анхдагч багш, удирдагч байв. Түүний найруулан тавьсан драмын жүжгүүд, уран сайхны кино, баримтат бүтээлүүд болон "Хүн" хөрөг зургийн үзэсгэлэн, “Монголын нууц товчоо” цуврал зурагт номууд нь соёлын салбарт өөрийн хувь нэмэр оруулсан юм.
Түүний хөдөлмөр зүтгэлийг төр засгаас өндрөөр үнэлж 2018 онд "Монгол Улсын Соёлын Тэргүүний ажилтан" цолоор шагнасан билээ.
Тэрээр өөрийн эзэмшсэн мэргэжлээрээ саяхан "Сэлбэ 20 минутын хот корпорац" ХХК-д дизайнераар томилогдон ирээдүйн их бүтээн байгуулалтын өнгө төрхийг тодорхойлохоор өөрийн мэдлэг чадвар, шинэ санаа, эрч хүчээ зориулан ажиллаж байлаа.
Түүний бүтээлч чанар, эгэл даруу, нөхөрсөг дүр төрх, Монголын соёл урлаг болон ирээдүй хойч үеийнхээ төлөө зориулсан гэгээн үйлс нь бидний зүрх сэтгэлд үүрд хоногшин үлдэх болно.
Гэр бүл, үр хүүхэд, төрөл төрөгсдөд нь гүн эмгэнэл илэрхийлье.
"СЭЛБЭ 20 МИНУТЫН ХОТ КОРПОРАЦ" ХХК-ИЙН ХАМТ ОЛОН



