"Сэлбэ 20 минутын хот корпорац" ХХК-ийн Гүйцэтгэх захирлаар Б.Мөнхбаатар томилогдлоо
Нийтэлсэн:

“Сэлбэ 20 минутын хот корпораци” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн шийдвэрээр НИТХ-ын төлөөлөгч Б.Мөнхбаатар гүйцэтгэх захирлаар томилогдон, үүрэгт ажлаа хүлээн авлаа.
Б.Мөнхбаатар нь ОХУ-ын Санкт-Петербург хотын Уул уурхайн их сургуульд инженер, төлөвлөлтийн чиглэлээр бакалавр, магистрын зэрэг хамгаалж, улмаар МУИС-ийг дүүргэсэн бөгөөд удирдах албан тушаал, төслийн менежментийн чиглэлээр олон жил тогтвортой ажилласан туршлагатай юм. Тэрбээр “Эрдэнэс Монгол”, “Эрдэнэс Тавантолгой” зэрэг үндэсний хэмжээний томоохон компаниудад төслийн удирдагч, ерөнхий инженерээр ажиллаж, дэд бүтэц, аж үйлдвэрийн салбарын стратеги, бүтээн байгуулалтын ажлуудыг хариуцаж байсан туршлагатай.
Түүнчлэн 2024 оноос НИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдон ажиллаж буй бөгөөд “Сэлбэ 20 минутын хот корпорац” ХХК-ийн ТУЗ-ийн гишүүнээр ажиллаж байсны хувьд төслийн зорилго, төлөвлөлт, үйл ажиллагааны үндсэн чиглэлийн залгамж чанарыг хадгалан, төслийн явцыг эрчимжүүлэхэд гол анхаарлаа хандуулан ажиллахаа илэрхийллээ.
ТУЗ-ийн зүгээс түүнийг инженер төлөвлөлтийн мэргэжлийн суурьтай, хотын бодлого, Сэлбэ дэд төвийн онцлогийг сайн мэддэг хүний хувьд нийслэлийн энэхүү түүчээ төслийг үргэлжлүүлж, үр дүнтэй хэрэгжүүлнэ хэмээн итгэл хүлээлгэж буй аж.



