
Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг дахин төлөвлөх ажлын хүрээнд олон жил цаасан дээр яригдсан томоохон зорилт ийнхүү Сэлбэ голын эрэгт бодитоор биеллээ олж эхэллээ. Төсөл албан ёсоор гараанаас гараад нэг жил болж буй ч өнөөдрийн байдлаар төслийн нийт гүйцэтгэл 35.15 хувьд хүрсэн байна. Үүнээс барилга угсралтын ажил 20.07 хувийн явцтайгаар эрчимтэй урагшилж, Улаанбаатар хотын шинэ өнгө төрхийг тодорхойлж эхэллээ.
Хэдийгээр санхүүжилтийн хүлээлт болон эдийн засгийн зарим хүндрэлүүд байгаа ч захиалагч, гүйцэтгэгч талуудын нягт түншлэл, инженер барилгачдын цаг наргүй зүтгэл энэхүү түүхэн бүтээн байгуулалтыг цаг алдалгүй урагшлуулах гол хөдөлгүүр болж байна.

Нийт 102 блок барилгын ажил зэрэг эхэлж, хотын өнгө төрх тодорлоо
Сэлбэ дэд төв төслийн хүрээнд нийт 113 блок барилга баригдахаар төлөвлөгдсөнөөс өнөөдрийн байдлаар 102 блокийн ажил албан ёсоор эхлээд байна. Тус суурьшлын бүс нь 9 болон 12 давхар барилгуудаас бүрдэх бөгөөд одоогийн байдлаар нийт 20 блок барилга үндсэн өндөртөө хүрч, техникийн давхар буюу дээвэрлэлтийн шатандаа оржээ. Багц 1, 2 болон 4.2-ийн талбайд нийт 20 блок 12 давхар барилга баригдах бөгөөд Багц-1-ийн эхний барилга 11-р давхрын угсралтын ажлаа хийж байна.
Бүтээн байгуулалтын талбарт хөдөлмөрийн аюулгүй ажиллагааг нэн тэргүүнд чухалчлан ажиллаж байгаа бөгөөд төсөл эхэлснээс хойш өнөөдрийг хүртэл нийт 1,940,888 хүн-цаг ажиллажээ. Өнөөдрийн байдлаар барилгын талбайд дотоодын 1288, гадаадын 694, нийт 1982 инженер техникийн ажилчид 93 машин механизмтайгаар үүрэг гүйцэтгэж байна.

Ногоон байгууламж 37 хувийг эзэлнэ
Энэхүү төсөл нь зөвхөн орон сууцны хороолол биш, иргэдийн цаг хугацааг хэмнэсэн хотын шинэ соёл, цогц экосистемийг бүрдүүлэхээрээ онцлогтой. Барилга хоорондын зайг стандартын дагуу уужим тавиу шийдэж, ногоон байгууламжийг нийт талбайн 37 хувьд байхаар төлөвлөсөн байна.
Оршин суугчдын хамгийн чухал хэрэгцээ болох боловсрол, нийгмийн үйлчилгээг цогцоор нь шийджээ. Тус бүсэд өдгөө ажиллаж буй 2 сургууль, 3 цэцэрлэг дээр нэмэгдэн шинээр 3 сургууль, 5 цэцэрлэг баригдах юм. Ингэснээр төрийн үйлчилгээ, худалдаа үйлчилгээ, соёл амралтын хүрээлэн гээд бүхий л хэрэгцээ нэг дор төвлөрч, иргэд хотын төв рүү зорчин түгжрэх шаардлагагүйгээр 20 минутын зайд явганаар бүх хэрэгцээгээ хангах боломжтой болох юм.
Төслийн талбайд ажиллаж буй нийт инженер техникийн ажилчид болон ерөнхий гүйцэтгэгч байгууллагууд хариуцсан багц бүр дээрээ чанарыг эрхэмлэн, амьдралын шинэ чанарыг бүтээхийн төлөө сэтгэл зүтгэл гарган ажиллаж байна.




