"Сэлбэ 20 минутын хот" төслийн талбайд ХАБЭА-н цогц сургалт зохион байгуулагдлаа
Нийтэлсэн:
Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төвөөс зохион байгуулж буй "Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн урьдчилан сэргийлэлтийн цогц аян 2026"-гийн хүрээнд барилгын салбарын ажил олгогчдод зориулсан сургалтыг "Сэлбэ 20 минутын хот" төслийн талбайд амжилттай зохион байгууллаа.
Сургалтад төслийн ерөнхий гүйцэтгэгч компаниудын удирдах ажилтнууд, менежерүүд болон ХАБЭА-н ажилтан, мэргэжилтнүүд хамрагдаж, ХАБЭА-н соёлыг төлөвшүүлэх, ажил олгогчдын манлайллыг нэмэгдүүлэх замаар үйлдвэрлэлийн ослоос урьдчилан сэргийлэх арга замуудыг хэлэлцсэн юм.
Сургалтаар хэлэлцсэн үндсэн сэдвүүд
Сургалтын үеэр салбарын мэргэжилтнүүд болон улсын байцаагч нар дараах чиглэлүүдээр мэдээлэл хийж, практик аргачлалуудыг танилцууллаа.
Удирдамж ба Хууль тогтоомж: ХАБЭМ-ийн төлөвлөлт, санхүүжилт, ажил олгогчийн манлайлал болон хууль тогтоомжийн шаардлага.
Эрсдэлийн үнэлгээ: Ажлын байран дахь сөрөг хүчин зүйлс, осолд дөхсөн тохиолдлууд болон ажил эхлүүлэхийн өмнөх аюулыг илрүүлэх үнэлгээ.
Эрүүл мэнд ба Сэтгэл зүй: Ажлын байрны сэтгэл зүйн эрүүл мэндийн үйлчилгээ, хөгжлийн чиг хандлага.
Ослын бүртгэл: Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг мэдээлэн бүртгүүлэх, акт үйлдэх, хянуулах зарчим.
Нөхцөлийн үнэлгээ: Ажлын байрны хөдөлмөрийн нөхцөлийн үнэлгээ, мэргэжлээс шалтгаалсан өвчний бүртгэл, мэдээлэл.
Даатгал ба Тэтгэмж: Нийгмийн даатгалын сангаас олгох үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний тэтгэвэр, тэтгэмж, төлбөрийн тухай хуулийн хэрэгжилт.
Барилгын салбар нь эрсдэл өндөртэй талбарт тооцогддог тул ерөнхий гүйцэтгэгч болон туслан гүйцэтгэгч компаниудын удирдлага, менежерүүд ХАБЭА-н зардлыг зөв төлөвлөх, аюулыг урьдчилан илрүүлж сурах нь ажилтнуудынхаа амь нас, эрүүл мэндийг хамгаалах хамгийн чухал алхам болохыг зохион байгуулагчид онцолж байв.
Цогц аяны хүрээнд зохион байгуулагдаж буй энэхүү цуврал арга хэмжээнүүд нь барилгын салбарын аж ахуйн нэгжүүдэд ХАБЭА-н стандартыг хэвшүүлэх, ослын тоог бууруулахад бодит дэмжлэг болж байна.



