"СЭЛБЭ 20 МИНУТЫН ХОТ ТӨСЛИЙН ОЛОН НИЙТИЙН БҮСЭД ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛЭХ АНХНЫ ТҮНШҮҮД ТОДОРЛОО
Нийтэлсэн:

Нийслэлийн төвлөрлийг сааруулах, хотын хойд хэсэгт шинэ дэд төвийг бий болгох зорилготой “Сэлбэ 20 минутын хот” төслийн хүрээнд стратегийн ач холбогдол бүхий олон нийтийн бүсэд төсөл хэрэгжүүлэгчийг сонгон шалгаруулах үйл ажиллагааны эхний шатны үр дүн гарлаа.
Нээлттэй зарласан тус шалгаруулалтад нийт 53 аж ахуйн нэгж сонирхлоо илэрхийлж бүртгүүлснээс 28 хуулийн этгээд төслийн санал, материалаа иж бүрэн бүрдүүлж, битүүмжлэн ирүүлсэн юм. Үнэлгээний хорооноос ирүүлсэн төслүүдийг эдийн засгийн өгөөж, техникийн шийдэл, инновац болон нийгмийн ач холбогдол зэрэг үндсэн үзүүлэлтүүдээр харьцуулан дүгнэж, дараах гурван түншлэлийг шалгаруулан, хамтын ажиллагааны дараагийн шатанд шилжүүллээ.
Шалгарсан төсөл хэрэгжүүлэгчид:
1. “Говь Хангай Мэбель” ХХК болон “Говь Хангай Буйдан” ХХК-ийн түншлэл
• Төслийн чиглэл: Монгол брэндийн тавилга, интерьерийн нэгдсэн худалдаа, үйлчилгээний цогцолбор.
• Байршил: А-14 талбар.
• Онцлох шийдэл: Үндэсний үйлдвэрлэлийн бүтээгдэхүүнийг сурталчлах нээлттэй үзүүлэх танхим болон бүс нутгийн авто замын ачааллыг бууруулах давхар зогсоолын шийдлээрээ шалгарсан.
2. “Скай Трейдинг” ХХК (Emart)
• Төслийн чиглэл: Олон улсын жишигт нийцсэн худалдаа, үйлчилгээний төв бүхий нийтийн орон сууцны хотхон.
• Байршил: D-11 талбар.
• Онцлох шийдэл: Дэлхийн жижиглэн худалдааны стандартыг нэвтрүүлж, иргэдийн амьдрах орчны чанарыг шинэ түвшинд гаргах, хотын төвлөрлийг сааруулах иж бүрэн төлөвлөлтийг ирүүлсэн.
3. “Говь Ресурс Девелопмент” ХХК
• Төслийн чиглэл: Уламжлалт анагаах ухааны эмнэлэг болон эрчим хүчний хэмнэлттэй орон сууцны цогцолбор.
• Байршил: B-7 талбар.
• Онцлох шийдэл: Барилгын дулаан алдагдлыг бууруулах дэвшилтэт технологи (20 см зузаан Basaltwool хавтан) болон DIAlux программд суурилсан ухаалаг гэрэлтүүлгийн системийг ашигласан байгаль орчинд ээлтэй шийдлийг санал болгосон.
Сонгон шалгаруулалт үргэлжилж байна
Төслийн эхний шатны шилдгүүд тодорсон хэдий ч бусад стратегийн ач холбогдол бүхий байршлуудад төсөл хэрэгжүүлэгчийг сонгон шалгаруулах бүртгэл нээлттэй хэвээр байна. Төрөөс инженерийн дэд бүтцийг иж бүрэн шийдсэн талбайд стандартад нийцсэн бүтээн байгуулалт хийх сонирхолтой аж ахуйн нэгжүүдийг 2026 оны 05 дугаар сарын 04-ний өдөр хүртэл материалыг хүлээн авна.
Сонгон шалгаруулалтын талаарх дэлгэрэнгүй мэдээлэл болон бүртгэлийн зааврыг procurement.selbecity.mn цахим хуудаснаас авах боломжтой.
Энэхүү төр-хувийн хэвшлийн түншлэлийн загвар нь Сэлбэ дэд төвийг ирээдүйд 50,000 оршин суугчтай, бизнесийн болон нийгмийн шинэ төв болон хөгжихөд стратегийн чухал ач холбогдолтой юм.



