
Нийслэлийн хамгийн тулгамдсан асуудал болох түгжрэл, агаарын бохирдлыг шийдвэрлэх стратегийн ач холбогдол бүхий "Сэлбэ хот" төслийн бүтээн байгуулалт эрчимтэй үргэлжилж байна. Чингэлтэй болон Сүхбаатар дүүргийн 158 га талбайг хамрах тус төсөл нь "20 минутын хот" үзэл баримтлалыг Монголд бодитоор хэрэгжүүлж буй анхны мега төсөл юм.
Өнөөдрийн байдлаар төслийн нийт гүйцэтгэл төлөвлөгөөний дагуу 25 хувьд хүрээд байна.
• Орон сууцны бүс: Нийт 113 блок бүхий 8,575 айлын орон сууц баригдаж байгаагаас 82 блокын барилга угсралтын ажил эхэлж, суурь цутгалт болон зоорийн давхрын угсралт амжилттай өрнөж байна.
• Ажиллах хүч: Талбай дээр өдөр бүр 1,723 инженер техникийн ажилтан, 129 машин механизм ажиллаж байгаагийн 60-70 хувь нь үндэсний аж ахуйн нэгжүүд байгаа нь дотоодын эдийн засагт бодит дэмжлэг болж байна.
"Сэлбэ хот" нь зөвхөн орон сууц биш, иргэдийн амьдрах тав тухтай орчныг иж бүрнээр шийдэхийг зорьж байна.
• Боловсрол: 3,780 хүүхдийн багтаамжтай 3 шинэ сургууль, 1,200 хүүхдийн 5 шинэ цэцэрлэг.
• Нийтийн үйлчилгээ: Өрхийн эмнэлэг, цагдаагийн хэсэг, соёлын болон спортын цогцолборууд нэг дороос.
• Дэд бүтэц: 12.3 км шинэ авто зам, 1,500 автомашины багтаамжтай дамжин суултын зангилаа.
• Экологи: 58.11 га талбай бүхий ногоон байгууламж байгуулснаар агаарын бохирдлыг 7.7%, хөрсний бохирдлыг 6%-иар бууруулах тооцоолол гарчээ.
Төслийн нөлөөлөлд өртсөн нэгж талбаруудын газар чөлөөлөлтийн гүйцэтгэл 94.7 хувьд хүрсэн нь иргэдийн дунд "Сэлбэ хот"-ын бүтээн байгуулалтыг дэмжих, амьдрах орчноо шинэчлэх хүлээлт маш өндөр байгааг харууллаа.
"Сэлбэ хот" төсөл нь Улаанбаатар хотын нэг төвт байдлыг халж, олон төвт хот болгон хөгжүүлэхэд стратегийн чухал ач холбогдолтой юм.
СЭЛБЭ 20 МИНУТЫН ХОТ КОРПОРАЦ ХХК








