БАРИЛГЫН САЛБАРТ ХОГ ХАЯГДЛЫН МЕНЕЖМЕНТИЙН ШИНЭ СОЁЛЫГ "СЭЛБЭ ХОТ" ТӨСӨЛ ТҮҮЧЭЭЛЖ БАЙНА
Нийтэлсэн:

"Сэлбэ 20 минутын хот" төсөл нь бүтээн байгуулалтын явцад үүсэж буй хог хаягдлыг эдийн засгийн эргэлтэд оруулах, байгаль орчинд ээлтэй "Ногоон" барилгын соёлыг нутагшуулах зорилгоор "АНГИЛЪЯ, АШИГЛАЯ, ДАХИН БҮТЭЭЕ" уриатай хог хаягдлын менежментийн уулзалтыг төслийн талбайд зохион байгууллаа.
Уулзалтаар төслийн талбайн ХАБЭАБО (Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй, байгаль орчин) инженерүүдийг дотоодын дахин боловсруулах үйлдвэрүүд болон зөвлөх үйлчилгээний байгууллагуудтай шууд холбож өгснөөрөө онцлог болов.
Уулзалтад дараах байгууллагууд туршлагаа хуваалцаж, хамтран ажиллахаар боллоо:
• Барилгын хог хаягдлыг дахин боловсруулах үйлдвэр: Барилгын хаягдал материалыг дахин ашиглах технологи.
• Ти Эм Эл Пластик ХХК болон Пластик Центр ХХК: Хуванцар хаягдлыг дахин боловсруулах шийдлүүд.
• Өнгө Нэмье ТББ болон Төвшин Сайхан Мөнх НҮТББ: Хог хаягдлыг эх үүсвэр дээр нь ангилах арга зүй, зөвлөх үйлчилгээ.
Уулзалтын үр дүнд Сэлбэ дэд төвийн бүтээн байгуулалтын талбай дээр хог хаягдлыг эх үүсвэр дээр нь системтэйгээр ангилан ялгах туршилтыг албан ёсоор эхлүүллээ. Энэ нь барилгын явцад үүсдэг асар их хэмжээний хаягдлыг хогийн цэг рүү шууд тээвэрлэх бус, дахин боловсруулах үйлдвэрүүдийн түүхий эд болгож, эдийн засгийн эргэлтэд оруулж буй Монголын барилгын салбарын анхны жишиг юм.
"Сэлбэ хот" төсөл нь олон улсын стандартыг нутагшуулснаар зөвхөн орон сууц барих бус, бүтээн байгуулалтын шатнаасаа эхлэн байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөг хамгийн бага түвшинд байлгахыг зорьж байна. Ингэснээр хөрс болон агаарын бохирдлыг бууруулах амлалтаа бодитоор хэрэгжүүлж буй хэрэг юм.














