МЭДЭЭЛЛИЙН ЦАГ: УЛААНБААТАР ХОТЫН СТРАТЕГИЙН 16 МЕГА ТӨСЛИЙГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн:

Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагын ажилтнуудыг нэгдсэн мэдээллээр хангах, төслүүдийн хоорондын уялдаа холбоог сайжруулах зорилготой "Мэдээллийн цаг" цуврал уулзалт боллоо. Энэ удаагийн уулзалтаар Нэгдсэн төслийн удирдлагын газраас Улаанбаатар хотод хэрэгжиж буй стратегийн ач холбогдол бүхий 16 мега төслийн явц, ирээдүйн төлөвлөлтийг нэгдсэн байдлаар танилцуулав.
Уулзалтын үеэр "Сэлбэ 20 минутын хот корпорац" ХХК-ийн гүйцэтгэх захирал У.Баатар төслийнхөө явц болон бусад томоохон бүтээн байгуулалтуудтай хэрхэн уялдах талаар дэлгэрэнгүй мэдээлэл өглөө.
Сэлбэ дэд төв нь зөвхөн орон сууцжуулалтын төсөл биш бөгөөд дараах тээврийн нэгдсэн системүүдтэй шууд холбогдоно:
• Улаанбаатар трам: Нийтийн тээврийн шинэ шийдэл.
• Тусгай замын автобус (BRT): Хурдан шуурхай зорчих тээврийн сүлжээ.
• Шинэ тойрог зам: Хотын авто замын түгжрэлийг сааруулах мега төсөл.
Эдгээр төслүүд нэгдсэн экосистем болон ажилласнаар иргэдийн зорчих цагийг хэмнэж, хотын түгжрэлийг бодитойгоор бууруулах гол хөшүүрэг болох юм.
Төслийн үндсэн бүтээн байгуулалтын эхний үр дүн 2027 онд гарч, орон сууцны барилгууд улсын комисст хүлээлгэн өгөхөөр төлөвлөгдсөн. Цаашлаад бусад мега төслүүдтэй бүрэн уялдаж, 2030 он гэхэд Улаанбаатар хотын шинэ өнгө төрхийг тодорхойлсон, ухаалаг дэд бүтэц бүхий цогц "ухаалаг" дэд төв бий болно.
Төслийн гол философи нь иргэд оршин суугаа газраасаа 20 минутын дотор төрийн болон нийгмийн бүх үйлчилгээг (сургууль, цэцэрлэг, эмнэлэг, худалдаа үйлчилгээ) авах боломжтой, дэд бүтцийн иж бүрэн шийдэл бүхий орчныг бүрдүүлэхэд оршиж байна.
Улаанбаатар хотын ирээдүйг тодорхойлох эдгээр стратегийн төслүүд нэгдсэн удирдлагаар хангагдсанаар бүтээн байгуулалтын ажлууд төлөвлөсөн хугацаандаа, харилцан уялдаатай хэрэгжих нөхцөл бүрдэж байна.
СЭЛБЭ 20 МИНУТЫН ХОТ КОРПОРАЦ ХХК







