
“Сэлбэ 20 минутын хот” төслийн бүтээн байгуулалтад дотоодын үйлдвэрлэгчдийн оролцоог хангах зорилгоор зохион байгуулагдсан өдөрлөгийн нэгдсэн статистик мэдээллийг танилцуулж байна. 2026 оны 4-р сарын 8-ны өдөр болсон тус арга хэмжээ нь барилгын салбарын нийлүүлэлтийн сүлжээнд оролцогч талуудын хувьд бодит үр дүнтэй уулзалт боллоо.
Өдөрлөгт нийт 73 аж ахуйн нэгж (ААН)-ийн 250 гаруй төлөөлөгч хүрэлцэн ирж, төслийн ерөнхий болон туслан гүйцэтгэгч 9 компанийн худалдан авалт, инженер техникийн 40 орчим мэргэжилтэнтэй нүүр тулсан уулзалт хийлээ.
Оролцогч талуудын бүтэц:
• МБМҮХ-ны гишүүн байгууллагууд: Барилгын материал үйлдвэрлэгч 45 компани, 200 орчим оролцогчийн бүрэлдэхүүнтэйгээр хамгийн идэвхтэй оролцов.
• Шинэ үйлдвэрлэгчид: Холбоонд хараахан бүртгүүлээгүй байгаа 17 дотоодын үйлдвэр өөрсдийн бүтээгдэхүүнийг танилцууллаа.
• Импортлогч болон үйлчилгээ: Дэлхийн дэвшилтэт технологи, тоног төхөөрөмж нийлүүлэгч болон барилгын туслах үйлчилгээ үзүүлэгч 11 ААН нэгдлээ.
Өдөрлөгийн үеэр үйлдвэрлэгчид өөрсдийн бараа материалын дээж, каталогийг гүйцэтгэгч компаниудын шийдвэр гаргах түвшний мэргэжилтнүүдэд шууд танилцуулсан нь нийлүүлэлтийн гэрээ байгуулах хугацааг товчилсон чухал алхам болов. Төслийн зүгээс нийт материалын 35-40%-ийг дотоодоос авах гэрээний үүргийг хэрэгжүүлэхэд энэхүү дата сан гол үндэслэл болох юм.
Цэвэр орчин, үндэсний бүтээн байгуулалтын төлөө хамтран ажилласан нийт үйлдвэрлэгчиддээ талархал илэрхийлье.
СЭЛБЭ 20 МИНУТЫН ХОТ КОРПОРАЦ ХХК














