БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫГ ТАЛБАЙД ГАЛЫН АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ПРАКТИК СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
Нийтэлсэн:

“Сэлбэ 20 минутын хот” төслийн хаврын бүтээн байгуулалтын ажил эхэлж байгаатай холбогдуулан талбайн аюулгүй байдлыг хангах, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор галын аюулгүй байдал болон онцгой байдлын үед авах хариу арга хэмжээний дадлага сургалт боллоо.
Энэ удаагийн сургалтыг ерөнхий гүйцэтгэгч "Нутгийн Буян Групп" ХХК хариуцан зохион байгуулсан бөгөөд Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангитай хамтран явууллаа. Сургалтад барилгын талбай болон оффисын нийт ажилтнууд бүрэн хамрагдаж, мэргэжлийн зааварчилгаа авсан юм.
Сургалтын хүрээнд ажилтнууд барилгын талбай болон оффист гал гарсан тохиолдолд галыг бага дээр нь хэрхэн унтраах, галын хор болон бөмбөлгөн галын хорыг аюулгүй ашиглах аргуудыг биечлэн туршиж үзэв. Мэргэжилтнүүдийн зүгээс ажилтан өөртөө аюулгүй гэж үзсэн тохиолдолд л галыг унтраах арга хэмжээг бие даан авах ёстойг онцгойлон санууллаа.
Хаврын хуурайшилттай холбогдуулан "Сэлбэ 20 минутын хот" корпорацын ХАБЭАБО-ны хэлтсээс дараах зааварчилгааг гүйцэтгэгч компаниудад өгөв. Үүнд:
• Шатах материалын байршлыг хуулийн дагуу тусгаарлах;
• Галын сараа болон хорнуудыг талбайн стратегийн чухал цэгүүдэд байршуулах;
• Стандартын дагуу тусгайлан зассан тамхины цэгийг ажиллуулах зэрэг ажлууд багтлаа.
Сургалтаар их хэмжээний гал гарсан тохиолдолд төслийн талбай дээрх "Цуглах цэг"-т хэрхэн цуглаж, бүртгэл хийх замаар галын бүсэд хүн үлдсэн эсэхийг хянах, Онцгой байдлын албанд мэдээлэл дамжуулах дарааллыг бататгав.
Энэхүү сургалт нь бүтээн байгуулалтын талбайн аюулгүй байдлын соёлыг төлөвшүүлэх, ажилтнуудын сонор сэрэмжийг дээшлүүлж, эрсдэлгүй ажиллах нөхцөлийг бүрдүүлэхэд чухал ач холбогдолтой боллоо.
СЭЛБЭ 20 МИНУТЫН ХОТ КОРПОРАЦ ХХК












