СЭЛБЭ 20 МИНУТЫН ХОТ КОРПОРАЦ "ХАРИЛЦАН ХҮНДЭТГЭЕ" УРИАТАЙГААР ТАЛБАЙД ХУРД ХҮЧЭЭ СОРИЛОО
Нийтэлсэн:

Барилгын салбарын ажилтан, албан хаагчдын дунд уламжлал болгон зохион байгуулагддаг “BARILGA BASKETBALL 2026” тэмцээн энэ жил 16 дахь жилдээ амжилттай болж өндөрлөлөө. Тус тэмцээнд “Сэлбэ 20 минутын хот корпорац” ХХК-ийн баг тамирчид салбарын соёл, ёс зүйг эрхэмлэсэн “Харилцан хүндэтгэе” уриатайгаар идэвхтэй оролцлоо.
Бидний хувьд энэхүү тэмцээн нь зөвхөн спортын амжилт, ялалт ялагдлаас илүүтэйгээр багийн эв нэгдлийг бэхжүүлэх, нэг нэгнээ дэмжих салбарын эрүүл соёлыг түгээхэд чиглэсэн чухал ач холбогдолтой байв. Сагсан бөмбөгийн талбайд хурд хүч, авхаалж самбаагаа сорьсон тамирчид маань тоглолтын туршид бие биедээ урам зориг өгч, нэгдмэл зорилготой "Нэг баг" гэдгээ харуулж чадсан юм.
Тэмцээний туршид заал дүүрэн эрч хүч бэлэглэж, тамирчдадаа итгэл найдвар, дуу хоолойгоороо дэмжлэг үзүүлсэн хөгжөөн дэмжигч залуустаа онцгойлон талархал илэрхийлье. Хөгжөөн дэмжигчдийн халуун уур амьсгал нь багийн сүнсийг сэргээж, талбай дээрх тоглогчдод томоохон урам зориг болж байлаа.
Барилгын салбарынхныг нэгтгэж, нэгэн дор цуглах боломжийг олгосон, энэхүү тэмцээнийг 16 жилийн турш тасралтгүй, мэргэжлийн түвшинд зохион байгуулж ирсэн Barilga.mn сайтын хамт олонд баярлаж талархсанаа илэрхийлье. Спортоор дамжуулан салбарын хамтын ажиллагааг бэхжүүлэх үйлсэд тань амжилт хүсье.
Бид цаашид ч бүтээн байгуулалтын талбарт төдийгүй спортын талбайд ч "Харилцан хүндэтгэе" уриан дор нэгдмэл байж, салбарынхаа хөгжилд өөрсдийн хувь нэмрийг оруулсаар байх болно.






