“СЭЛБЭ 20 МИНУТЫН ХОТ” ТӨСЛИЙН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН 2026 ОНЫ ХАВРЫН АЖИЛ ЭХЭЛЛЭЭ
Нийтэлсэн:

“Сэлбэ 20 минутын хот корпорац” ХХК-ийн Төслийн удирдлагын баг туслан гүйцэтгэгч компаниудтайгаа нэгдсэн уулзалт хийж, 2026 оны бүтээн байгуулалтын ажлын бэлтгэлийг ханган, талбайн ажлуудыг албан ёсоор эхлүүллээ.
Уулзалтын үеэр төслийн захиалагчийн зүгээс бүтээн байгуулалтын хамгийн оргил үе эхэлж, барилга угсралт, дэд бүтцийн үндсэн ажлууд хийгдэхийг онцолж, гүйцэтгэгч талуудад ажлын хариуцлага, чанарын өндөр шаардлага тавьж ажиллахаа мэдэгдэв.
Төслийн удирдлагын баг долоо хоног бүрийн мягмар гаригт гүйцэтгэгч компаниудтай тогтмол хуралдаж, ажлын явц, төлөвлөгөөний биелэлтийг газар дээр нь дүгнэж байхаар тогтов. Энэхүү уулзалтууд нь ажлын уялдаа холбоог хангах, тулгамдаж буй техникийн асуудлуудыг шуурхай шийдвэрлэх үндсэн механизм болох юм.
Бүтээн байгуулалтын явцад баримтлах үндсэн зарчмууд:
• Аюулгүй ажиллагаа (HSE): Төслийн талбайд ажиллаж буй ажилтан бүрийн аюулгүй байдлыг хангах ХАБЭА-н стандартыг чанд мөрдүүлж, "I auditor" системээр дамжуулан өдөр тутмын хяналт тавина.
• Төлөвлөгөөт гүйцэтгэл: Хаврын ажлын бэлтгэлийг бүрэн хангаж, батлагдсан графикийн дагуу барилга угсралтын ажлыг сааталгүй үргэлжлүүлнэ.
• Чанарын хяналт: Барилгын материалын баталгаажуулалт, лабораторийн сорилт болон угсралтын үйл явцыг захиалагчийн хяналтын инженерүүдийн шууд удирдлага дор гүйцэтгэнэ.
• Байгаль орчны менежмент: Төслийн талбайд хөрсний бохирдол, тоосжилтыг бууруулах, хог хаягдлын менежментийг олон улсын жишигт нийцүүлэн хэрэгжүүлнэ.
“Сэлбэ 20 минутын хот” төсөл нь нийслэлийн хойд бүсийн хөгжлийг тодорхойлох томоохон бүтээн байгуулалт тул гүйцэтгэгч компаниуд захиалагчийн хяналтын дор, инженерчлэлийн зөв шийдлээр ажлаа гүйцэтгэх үүрэг хүлээж байна. 2027 онд орон сууцны барилгуудыг үе шаттайгаар ашиглалтад оруулж, иргэдээ тохилог сууцанд хүлээн авах бэлтгэл ажлыг энэ хавраас ийнхүү эрчимжүүлж байна.





