
Доржпаламын Баярсайхан (1985-2025)
Бидний эрхэм хүндэт хамтран зүтгэгч, “Сэлбэ хорин минутын хот корпорац” ХХК-ийн Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй, байгаль орчны хэлтсийн дарга Доржпаламын Баярсайхан зуурдаар таалал төгсөж, бидэнд нөхөж баршгүй гарз, хүнд уй гашуу тохиолоо.
Д.Баярсайхан нь 1985 оны 11 дүгээр сарын 2-ны өдөр Дорноговь аймгийн Зүүнбаян суманд мэндэлж, 1993-2003 онд Нийслэлийн “Оюуны Ундраа” цогцолбор сургуульд суралцан бүрэн дунд боловсрол эзэмшин, 2003-2007 онд “Газарчин” дээд сургуульд Геологийн инженер мэргэжлээр суралцаж төгссөн юм.
Мөн хөдөлмөрийн аюулгүй байдлын чиглэлээр мэргэшиж, “Баян Хүрээ” болон “Хөдөлмөр хамгаалал хөгжлийн төв” сургалтын байгууллагуудад суралцаж, гадаад дотоодын сургалт, хөтөлбөрүүдэд идэвхтэй хамрагдан, өөрийгөө байнга хөгжүүлж байсан чадварлаг инженер байлаа.
Тэрбээр уул уурхай, барилга, дэд бүтцийн салбарт хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны чиглэлээр 18 жил тууштай ажиллаж байгаад 2025.04.08-ны өдрөөс эхлэн “Сэлбэ хорин минутын хот корпорац” ХХК-д Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн инженерээр, 2025.09.01-ний өдрөөс Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй, байгаль орчны хэлтсийн даргаар ажиллаж байсан юм.
Байгууллагынхаа нэр хүнд, ажилчдын аюулгүй байдлыг хамгаалахад үнэлж баршгүй хувь нэмэр оруулсан бидний эрхэм анд ажил мэргэжлийн ур чадвар, хариуцлага, зөв хандлагаараа хамт олныхоо итгэл хүндэтгэлийг хүлээж, залуу инженерүүдэд үлгэр дуурайл үзүүлэн ажиллаж 2025.09.05-ны өдөр Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яамны хүндэт жуух бичгээр шагнагдсан.
Д.Баярсайханы ажилч хичээнгүй зан, хүндлэл хүлээсэн төлөв даруу төрх, хамт олондоо урам өгдөг халуун сэтгэл нь бидний сэтгэл зүрхэнд үүрд хадгалагдан үлдэх болно.
Талийгаачийн гэр бүл, үр хүүхэд, төрөл төрөгсдөд нь гүн эмгэнэл илэрхийлье.
“Сэлбэ хорин минутын хот корпорац” ХХК-ийн баг хамт олон
2025 оны 11 дугаар сарын 10
Улаанбаатар хот



